Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛЫН ЖУРАМ

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН

ШАГНАЛЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Энэхүү журмын зорилго нь Хил хамгаалах байгууллагын шагналын нэр төрлийг тогтоох, нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2  Улсын хил хамгаалалтад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа болон хилчдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, иргэдийг шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Шагналын төрөл

2.1. Хил хамгаалах байгууллага дараах шагналын төрөлтэй байна. 

2.1.1. “Хүндэт хилчин” тэмдэг

2.1.2. “Онц хилчин” тэмдэг

2.1.3.  “Сүлдэт багана” цом, энгэрийн тэмдэг

2.1.4.  “Жуух бичиг”

2.1.5. “Хилчний алдар” I, II, III тэмдэг

2.1.6. “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг

2.1.7. “Хилийн төлөө” тэмдэг

2.1.8. “Хүндэт дэвтэрт бичсэн тухай  дурсгалын гэрчилгээ”

2.1.9. “Дурсгалын зүйл”

2.1.10. “Ахмад хилчин” тэмдэг

2.1.11. “Ойн дурсгалын” тэмдэг

2.1.12. “Тэргүүний хил хамгаалах туслах хүчний гишүүн” тэмдэг

 

2.2. Хилийн отряд /анги/-ын хэмжээнд дараах шагналын төрөлтэй байна.

2.2.1. “Ангийн хүндэт“ тэмдэг

2.2.2. “Ангийн хүндэт дэвтэрт бичсэн тухай дурсгалын гэрчилгээ”

2.2.3. “Ойн дурсгалын” тэмдэг

2.2.4. “Ахмад хилчин” дурсамж

2.2.5. “Баярын бичиг”

2.2.6. “Дурсгалын зүйл”

 

2.3. Хил хамгаалах байгууллагын жилийн ажлын дүнгээр Хил хамгаалах ерөнхий газар, хилийн отряд /анги/-уудаас тус бүр 1, урлаг болон спортын онцгой амжилт гаргасан 1"Шилдэг ажилтан"-ыг, хил хамгаалалтад онцгой амжилт гаргасан хил хамгаалалтад туслах хүчний 1 гишүүнийгшалгаруулж, "Сүлдэт багана" шагналаар шагнана.

2.3.1. Хилийн отряд /анги/-ууд оны шилдэг ажилтнуудаа ангийн дотоод журамд заасны дагуу шалгаруулна.

2.4. Жилийн ажлын дүнгээр Бүс бүрээс 1 дүгээр байр эзэлсэн отряд /анги/-ыг өргөмжлөл, 1.500.000 төгрөг хүртэл мөнгөн шагнал олгоно.

2.5.Хил хамгаалах ерөнхий газарт тэргүүний хэлтэс /алба/ шалгаруулж, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр шагнана.

2.6.Хил хамгаалах ерөнхий газарт үндсэн нэгжүүдээс тус бүр 1 тэргүүний ажилтан шалгаруулж, өргөмжлөл, 300.000 төгрөгөөр шагнана.

 

Гурав. Шагналыг олгох болзол

3.1. Шагналыг давхардуулахгүйгээр шат дараалан олгох ба шагнал хоорондын хугацаа 12 сараас доошгүй  байна.

3.2.Улсын хил хамгаалалт, улс, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд болон бусад онцгой амжилт гаргасан хүнийг шагнахад энэхүү журмын 3.1 дэх заалт хамаарахгүй.

3.3.Хил хамгаалах байгууллагын шагналаар бусад байгууллага, иргэдийг шагнаж болно.                        

3.4. Хил хамгаалах байгууллагын шагналд тавигдах болзол:

3.4.1.“Хүндэт хилчин” тэмдгээр: Хил хамгаалах байгууллагад 25-аас дээш  жил үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч нарыг болон Улсын хил хамгаалах үйлсэд онцгой амжилт гаргасан хилчдийг шагнана. Шагналыг 100.000 төгрөг дагалдана.

3.4.2. “Онц хилчин” тэмдгээр:Хил хамгаалах байгууллагад 20-оос дээш  жил үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч нарыг болон Улсын хил хамгаалалтад онцгой амжилт гаргасан, хил зөрчигчийг албаны өндөр ур чадвар гарган саатуулсан хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүнийг шагнана. Шагналыг 40.000 төгрөг дагалдана.

3.4.3. “Сүлдэт багана” цом, энгэрийн тэмдгээр: Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж,  хамт олноо манлайлсан, хил хамгаалах байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан албан хаагчийг шагнана. Шагналыг 1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал дагалдана.

Хил хамгаалалтад онцгой амжилт гаргасан хил хамгаалалтад туслах хүчний гишүүнд “Сүлдэт багана” цом, энгэрийн тэмдэг олгож, шагналыг 500.000 төгрөг дагалдана.

3.4.4. “Жуух бичиг”-ээр: Хил хамгаалалтад амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагнана. Шагналыг 10.000 төгрөг дагалдана.

3.4.5. “Хилчний алдар” I, II, III тэмдгээр: Хил хамгаалах байгууллагад дор дурдсан хугацаагаар цэргийн алба хааж, үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч, гэрээт болон ахмад хилчдийг шагнана.

а/ 3-аас доошгүй жил алба хаасан  - III,    

б/ 5-аас доошгүй жил алба хаасан - II,        

в/ 8-аас доошгүй жил алба хаасан – I

3.4.6.“Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр:  Хил хамгаалах байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд болон ахмад хилчдийг шагнана.

3.4.7. “Хилийн төлөө” тэмдгээр: Албандаа амжилт гаргасан ажилтан, хугацаат болон гэрээт хилчдийг, хил хамгаалалтад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан иргэдийг шагнана. Шагналыг 20.000 төгрөг дагалдана.

3.4.8. “Хүндэт дэвтэрт бичиж, дурсгалын гэрчилгээ олгох”:Хил хамгаалах байгууллагыг хөгжүүлэх, улсын хил хамгаалалтад шинжлэх ухаан, техникийн ололт, шинэ технологийг нэвтрүүлэхэд хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан тэргүүний хүмүүсийг хүндэт дэвтэрт бичиж дурсгалын гэрчилгээ олгоно. Гэрчилгээг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал дагалдана.

3.4.9. “Ойн дурсгалын” тэмдгээр: Албандаа амжилт гаргасан албан хаагч, ажилтан, хугацаат болон гэрээт хилчдийг, хил хамгаалалтад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан иргэдийг шагнана.

3.4.10. “Ахмад хилчин” тэмдгээр: Хил хамгаалах байгууллагаас  тэтгэвэрт гарч байгаа ахмадуудыг шагнана.

3.4.11. “Дурсгалын зүйл”-ээр: Эрхэлсэн ажилдаа амжилт гарган  ажиллаж байгаа хүмүүсийг шагнана.

3.4.12. Тэргүүний хил хамгаалах туслах хүчний гишүүн”  тэмдгээр: Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг удаа дараа илрүүлж, хил хамгаалалтад идэвх зүтгэлтэй ажилласан  туслах хүчний гишүүнийг шагнана.  

3.5Хилийн отряд /анги/-ууд шагналын болзлоо тусгай журмаар тогтооно.

 

Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

4.1. Энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан Улсын хил хамгаалалтад амжилт гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа болон байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг албан хаагч, иргэдийг анги, байгууллагаас шагналд тодорхойлно.

4.2. Монгол Улсын төрийн одон, медаль, бусад яам, агентлаг, байгууллагын шагналаар албан хаагчдыг шагнуулах санал, тодорхойлолтыг Хүний нөөцийн хэлтэс тухайн байгууллагад уламжлуулан шийдвэрлүүлнэ.

4.3. Монгол Улсын төрийн одон, медалиар шагнуулах хүмүүсийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх одон медалиар шагнах журам”-ын дагуу гаргаж, Хууль зүйн сайдад уламжилна.

4.4. Монгол Улсын төрийн одон, медалиар шагнуулах хүмүүсийн шагнал хоорондын хугацаа 5-аас доошгүй  жил байна.

4.5. Хил хамгаалах байгууллагын шагналаар шагнуулах хүмүүсийг тодорхойлоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ.

4.5.1. Анги, байгууллагын удирдлагын санал

4.5.2. Ажилтны ажил байдлын тодорхойлолт

4.5.3. Хурлын тэмдэглэл

4.6. Монгол Улсын төрийн одон, медалиас бусад шагналд тодорхойлоход хилийн отряд /анги/-ын захирагч /дарга/ тодорхойлолтод гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна.

4.7. Заасан хугацаанаас хоцроож ирүүлсэн тодорхойлолт, бүрдэл дутуу материалыг хүлээж авахгүй.

 

Тав. Шагналыг шийдвэрлэх, олгох

5.1.Хүний нөөцийн хэлтэс шагналын санал, тодорхойлолт, холбогдох материалыг хүлээн авч, шагнах талаар санал боловсруулан Хил хамгаалах ерөнхий газрын даргад танилцуулна.                

5.2. Шагналын дагалдах мөнгийг тухайн отряд /анги/ олгоно.

5.3. Хил хамгаалах байгууллагын шагналаар шагнагдсан гадаадын иргэнд шагналд дагалдах мөнгийг олгохгүй.  

5.4. Шагналд нэр дэвшигчийн материалыг тухайн албан тушаалтны хувийн хэрэгт хадгална.

 

Зургаа. Тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгох

6.1.Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгож болно.

6.2. Нөхөн олгоход дараах материалыг бүрдүүлнэ:

            6.2.1. Тэмдэг, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл;

            6.2.2. Шагналын үнэмлэхийн хуулбар;

            6.2.3. Дансны үнээр тэмдэгний үнийг тушаасан мөнгөний баримт 

 

Долоо. Салбарын шагналын мэдээллийн сан

7.1.Хил хамгаалах байгууллага шагналын нэгдсэн бүртгэл, цахим мэдээллийн сантай байна.

7.2.Мэдээллийн сангийн баяжилт, нэмэлт, өөрчлөлтийг Хүний нөөцийн хэлтэс хариуцна.            

 

 

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС

 

 

 

2016 оны 10 сарын 21