УЛСЫН ХИЛИЙГ ТОГТООЖ БАТАЛГААЖУУЛСАН ТУХАЙ Хэвлэх И-мэйл
Бичсэн ganbold   
2007 оны 9-р сарын 23, Ням гариг, 19:42
    Монгол улсын хил, хил хамгаалалтын түүх нь Монголын ард түмний түүхийн салшгүй хэсэг бөгөөд түүний үүсэл, хөгжил олон жилийн түүхтэй.
    Монголын анхны төрт улс Хүннүчүүд улсынхаа хил хязгаарыг хилийн харуулаар хамгаалдаг байсан бөгөөд хил хариуцсан “Оуто ван “ гэдэг албан тушаалтан ажиллуулж байснаас гадна Хүннү (монгол), Хан (хятад)улсын хооронд МЭӨ 198 онд анх удаа Цагаан хэрмээр хил тогтоож, гэрээ байгуулж байсан тухай  эх сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн.
УЛСЫН ХИЛИЙГ ТОГТООЖ
БАТАЛГААЖУУЛСАН ТУХАЙ

    Монгол улсын хил, хил хамгаалалтын түүх нь Монголын ард түмний түүхийн салшгүй хэсэг бөгөөд түүний үүсэл, хөгжил олон жилийн түүхтэй.
    Монголын анхны төрт улс Хүннүчүүд улсынхаа хил хязгаарыг хилийн харуулаар хамгаалдаг байсан бөгөөд хил хариуцсан “Оуто ван “ гэдэг албан тушаалтан ажиллуулж байснаас гадна Хүннү (монгол), Хан (хятад)улсын хооронд МЭӨ 198 онд анх удаа Цагаан хэрмээр хил тогтоож, гэрээ байгуулж байсан тухай  эх сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн.
    Эртний улсуудын үеэс Монголын ард түмэн  үе дамжин хил хязгаараа эзэмшин хамгаалж, харийн дайсны эсрэг явуулж ирсэн шударга тэмцлийн үр дүнд Монгол улсын одоогийн хил үүсэн тогтсон уламжлалтай билээ. Монгол улсын хойд хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1727 оны Буурын гэрээ,  1864 оны Тарвагатай хотын хилийн протоколоор анх үүсгэн тогтоогдсон бол өмнө зүгийн хил нь орон нутгийн хэмжээнд 1695-1850 онд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогджээ.
    Нэг. Энэхүү тогтсон түүхэн хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958,1976 оны хилийн гэрээгээр баталгаажин тогтоогдсон юм.Тус улсын баруун хойд зүгийн хилийг Асгатын давааны хяраас Тэнгис голын эх хүртлэх хэсэг (Туватай хиллэж буй хэсэг) 1958 оны 3 дугаар сарын 26-ны гэрээгээр 1305 км газар хил тогтоож, 332 баганаар тэмдэглэжээ.
    БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 оны 10 дугаар сарын19-нд хилийн гэрээ байгуулагдаж, Алтай таван богдоос, Асгатын давааны хяр хүртэл 280 км, Их Саяаны нурууны 2855.8 км тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэл 1900 км, бүгд 2180 км хил тогтоож, 1128 багана, тэмдгээр тэмдэглэсэн.
    Монгол Зөвлөлтийн хилийн гэрээг тус хоёр орны төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар 1976 оны 10 дугаар сарын 19-нд Москва хотноо гарын үсэг зурж, 1977 оны 1 дүгээр сарын 26-нд батламж бичиг солилцсоноор хүчин төгөлдөр болсон юм.
    Хоёр.Хятадад Гоминдааны засгийн газар унаж, 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Монгол, Хятадын ард түмний хооронд айл хөршийн найрамдалт харилцаа тогтож, 1950 онд элчин, төлөөлөгчийн газруудаа солилцжээ.
    Гэвч 1950-1960 аад оны үеийн олон улсын байдал, Монгол Хятадын хил дээрх газар нутгийн маргаан, хилийн зөрчил нь улсын хилийг албан ёсоор тогтоох бодит нөхцөл бий болов.Иймд Монгол Улсын засгийн газраас 1957, 1958 онуудад БНХАУ-ын засгийн газарт хоёр улсын хилийг тодотгон тогтоох хэлэлцээ явуулах саналаа нот бичгээр тавьснаар асуудал нааштайгаар шийдвэрлэгдсэн юм.
    Монгол, Хятадын хилийн хэлэлцээ 1962 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо эхэлж, хоёр улсын хооронд  нийт 4677км хил тогтоон, 639 багана, тэмдгээр тэмдэглэжээ.
    Энэхүү хилийн гэрээнд 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай нар гарын үсэг зурж, гэрээний батламжийг 1963 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо солилцож, улмаар уг гэрээг 1975 оны 10 дугаар сарын 5-нд НҮБ-д бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан юм.
    Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хоорондын гэрээнд 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бээжин хотноо Монголын бүрэн эрхт төлөөлөгч Д.Ёндон, Хятадын бүрэн эрхт төлөөлөгч Лю-Шу-Цин нар, Монгол-Оросын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай МУ-ын засгийн газар, ОХУ-ын засгийн газрын хоорондын шинэчлэгдсэн гэрээнд 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Москва хотноо Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар тус тус гарын үсэг зуржээ.
    Монгол Улсын хилийн нийт урт 8252.658км, хуурай газраар 7348.5км, усаар 904.158км, ОХУ-тай 3543км, үүнээс хуурай газраар 2860км, усаар 683км, БНХАУ-тай 4709.658км, үүнээс хуурай газраар 4488.5км, усаар 221.158км  тус тус  хиллэдэг.



                     АРХИВ, ТҮҮХ СУДЛАЛЫН АЛБАНЫ ДАРГА, ХУРАНДАА Ц.ЛХАГВАСҮРЭН


Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 13, Пүрэв гариг, 22:24
 

Зарлал