Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Дуурийн урлагийн төрөлд багтах кантатыг ХЦДБЧ анх удаа туурвилаа
ХЦДБЧ түүхэндээ анх удаа дуурийн урлагийн томоохон төрөл болох кантатыг “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 70 жил”-ийн ойг тохиолдуулан “Байтаг богд” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Уг бүтээлийг ХЦДБЧ-ын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Б.Ганхуяг зохиосон бол ерөнхий цомнолыг “Тань руу нүүж явна” киноны зохиолч, СГЗ С.Оюун, найрал дууны үгийг ХЦДБЧ-ын Уран бүтээлийн албаны дарга, ерөнхий найруулагч, дэд хурандаа У.Пүрэвсүрэн бичжээ. 
Чуулгын уран бүтээлчид “Байтаг богд” кантата бүтээлээ 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр болох “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 70 жил”-ийн ойд зориулсан  хүндэтгэлийн тоглолтод бүрэн эхээр нь тоглох бөгөөд ХЦДБЧ-ын найрал дууны алба, хөгжим албаны бүх уран бүтээлчид оролцож ХЦДБЧ-ын дуучин, ахлах ахлагч Ш.Лхагвасүрэн гоцлон дуулах юм. Ойролцоогоор 14 минут үргэлжлэх энэхүү томоохон бүтээл нь энх цагийн байдлыг харуулсан эхлэл хэсэг, тулгаралт болж буй өрнөл хэсэг, тулгаралт дуусаж тайван болсон тухай тайлал хэсэг, хойч үе нь энэ тухай эргэн дурсаж байгаа төгсгөл хэсэг гэсэн дөрвөн хэсгээс бүтжээ. Нэг талаараа энэ бүтээл нь зохиогчоос асар их ур чадвар, цаг хугацаа, мэдрэмж, хүч хөдөлмөр шаардаж байгаа ч нөгөө талаас чуулгын уран бүтээлчдийг томоохон бүтээлд оролцуулж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бусдаас ялгарах байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Өнгөрсөн онд ХЦДБЧ-ын найрал дуучид Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн бичсэн “Илдэн уулсын цуурай” араториг тавьсан нь энэхүү кантатыг бүтээн тоглох туршлага, урам зориг болж өгсөн гэлээ. Кантата гэдэг нь тодорхой сэдэв, агуулгатай бөгөөд үзэгч олонд бодрол ухаарал, сэтгэлийн тайтгарлыг авчирдаг. Хөгжмийн зэмсэгүүд, найрал дуучид гээд бүгд удирдаачийн удирдлаганд багтан нэгэн цөм болж аялгуу эгшгийг илэрхийлдэг гэж хэлж болно. Иймдээ ч ХЦДБЧ-ын хамт олон “Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 70 жил”-ийн ойд зориулан дархан хилийн ариун шугамын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн баатарлаг хилчдийн гавьяаг “Байтаг богд” кантатаараа илэрхийлэхийг зорьсон бизээ.
2018 оны 08 сарын 25 | Үзсэн : 295