Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
МОНГОЛ УЛСЫН БААТАР Н.ЖАМБААГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн мэндэлсний 100 жилийн түүхт ой энэ онд тохиож, хилчид баатрынхаа ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Н.Жамбаа нь 1918 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт төрсөн. Түүний  мэндэлсний 100 жилийн ойг наймдугаар сарын 20-ны өдөр Хилийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставт тэмдэглэн өнгөрүүллээ. Дэгээ голын заставыг 2011 онд Хилийн 0198 дугаар ангийн 75 жилийн ойгоор баатрын нэрэмжит болгосон юм. Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн нэрэмжит Дэгээ голын застав дахь баатрын хөшөөг шинэчилж, нээлтийг нь хийн, хөшөөнд цэцэг өргөн ёслолын буудлага хийв. 
Н.Жамбаа баатрын гэрэлт хөшөөг 1939 онд Халх голын тулалдаанд оролцож байсан тэр үеийнх нь буюу 20-30 насных нь дүрээр бүтээн босгосон юм. Арга хэмжээнд түүний бага охин Ж.Загас гэр бүлийн хамт, бага хүү Ж.Цогтсайхан, Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн төлөөлөл, Хилийн 0198 дугаар ангийн удирдлага, Дэгээ голын заставын бие бүрэлдэхүүн оролцлоо. 
Ойн арга хэмжээнд оролцож байгаа зочид төлөөлөгчдөд заставын үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулж, урлагийн тоглолтоор үйлчлэн бие бүрэлдэхүүний дунд тэмцээн зохион байгуулж, хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн юм. Н.Жамбаа баатрын үр хүүхдүүдээс Дэгээ голын заставын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа. 
Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгаралтын тэмцэл ялалтын жилүүдэд Монгол цэрэг тэр дундаа Халх голын отрядын хилчин дайчид түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай билээ. Түүний нэг нь Халх голын отрядын VII тасгийн дарга, ахлагч Монгол Улсын баатар Норпилийн Жамбаа юм. 
Монгол Улсын баатар Н.Жамбаа 1937 оны наймдугаар сард цэргийн албанд татагдан ирж, Матадын VIII дивизийн 23 дугаар морьт хороонд цэрэг, Халх голын отряд байгуулагдахад 1938 оны наймдугаар сараас 1939 оны аравдугаар сар хүртэл дугаар заставын тасгийн даргаар алба хааж, Халх голын байлдаанд оролцож байсан юм. 1939 оны эхээр өөрийн тасгийн хамт дайсны эзэлсэн Талын манханг морин атакаар дайрч эзлээд, дайсны 3 машин цэргийн удаа дараагийн дайралтыг хориглон няцааж, заставын нэмэлт хүч иртэл барьж чадсан гавьяатай. 1939 оны тавдугаар сарын эхээр Хайлааст манханд манаа ахлан 400 орчим дайсантай тулалдсан юм. Мөн Бойтогт манханд дайсныг заставын хүчээр гурван талаас нь бүслэн устгахад нэг хэсгийг нь удирдан, зургадугаар сард дайсны ар талд гарч хүнсний малаа авчран цэргээ хүнстэй нь залгуулсан, Хулд ууланд дайсны ар тал, бэлтгэл хүчийг устгасан, дайсны галын дундуур явж зоригт хилчин М.Гаасүрэнгийн шарилыг авч ирсэн зэрэг олон баатарлаг гавьяаг байгуулж гуравхан сарын дотор Цэргийн гавьяаны улаан тугийн I, II зэргийн одонгоор шагнагдсан билээ.
Түүний гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1969 онд Сүхбаатарын одон, 1939, 1982 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, 1945 онд Алтан гадас одон, 1959 онд Байлдааны гавьяаны одон болон бусад медаль, ЗХУ-ын Улаан тугийн одонгоор шагнаж байсан юм. Халхын голын байлдаанд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхэгээр хамгаалж, гарамгай гавьяа байгуулсныг тэмдэглэж Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан Н.Жамбаад АИХ-ын Тэргүүлэгчдийн 1979 оны наймдугаар сарын 18-ны өдрийн зарлигаар Монгол Улсын баатар цол олгож, баатрын Алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнасан. Ийнхүү хилчид баатарлаг хилчнийхээ мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
2018 оны 08 сарын 24 | Үзсэн : 500