Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИН-НОГООЧИН

Дөнгөж өчигдөрхөн номин ногоон тал өнгийн цэцэгсээр энгэр бэлээ гоёж, уулын горхи хоржигнон урсаж байсан зун цаг улиран оджээ. Буцах шувуудын ганганаанд дэлгэр эх орон минь уяран шаргалтаж, мяралзан урсах голын ус шөнийн сэрүүнд зайрмагтан хононо. Ай даа намар цаг, алтан шаргал өнгөөр газар дэлхийг хучих нь үзэсгэлэнтэй.

Тариан талбайд ажил өрнөхтэй зэрэгцэн тарвага, зурам хүртэл ичээндээ бэлтгэж, хулгана хөеөгөө цуглуулан гүйлдэнэ. Үе үехэн хүйтэн бороо орж, нойтон цас хаялавч байгаль дэлхий биесээ аргадан ирж яваа цагийг хамтдаа анирдах намар цаг. Намрын улирал хахирган өвөлд хүн бүрийг бэлтгэх боломжийг олгосон ахархан хэрнээ асар их ажлыг ундраасан хүчирхэг нэгэн цаг хугацаа гэлтэй.

Батсүмбэр, Зүүнхарааг зорьсон нь

Намрын эдгээр өдрүүдэд унах навчистай уралдан ажиллах хилчдийнхээ албатай танилцахаар Хилийн 0288 дугаар ангийн ногооны талбайг зорив.

Оёдлын гэх тодотголтой тус ангийнхны хувьд хилчдээ хооллож, хувцаслах буянтай үүргийг хүлээсэн юм.

Тус анги Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад хүнсний ногоо тариалдаг байна. Жил бүрийн өдийд Хил хамгаалах ерөнхий газрын бие бүрэлдэхүүнд Хилийн 0288 дугаар ангийн хилчид өөрсдийн тариалсан хүнсний ногооныхоо дээжээс өгдөг. Бид ч алгаа тосон авсаар сурчээ. Жинхэнэ Монгол хөрсөнд хилчдийн гараар тарьсан хүнсний ногооны амт чанарын талаар ярих юм байхгүй. Эрүүл, эко гэх тодорхойлолт нэвт үнэртдэг билээ. Тиймээс энэ удаад газар дээрээ хилчид хэрхэн ногоогоо тарьж, ургуулж, арчилан хамгаалж, хурааж бидэнд хүргэдэг үйл ажиллагаатай танилцахыг зорьсон юм. 

Нөр их хөдөлмөрийн амтат үр шим

Үрийн төмсийг хавар хөрсөнд булаад орхиход зуны нар, борооны аясаар өөрөө болчихдог хэмээн төсөөлсөөр ногооны талбайд хүрэв. Биднийг очиход агрономич Ц.Бямбажав ах хэдэн цэргүүдийнхээ хамтаар талбайдаа ид ажилтай угтав. Тэд үлдсэн 30 сот газрынхаа шар манжинг хурааж байсан юм. Ногоо хэрхэн тарьж, арчилж, хамгаалж ургуулдаг талаар сонсоод хөрсөнд булсан бүхэн ургадаггүй болохыг мэдээд өмнөх бодлоосоо ичив.

Батсүмбэр суманд Хилийн 0288 дугаар анги 20.2 га ногооны талбайтай. Гэхдээ энэ жилийн хувьд тус талбайн 2.3 га-д нь л хүнсний ногоо тариалсан байна. Учир нь  усалгааны систем байхгүй тул өнгөрсөн жилийнх шиг хур бороо бага орвол ургац алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж нийт тариалалтынхаа дийлэнхийг Зүүнхараад Бороогийн голыг бараадуулан тарьжээ. Гэхдээ долдугаар сарын 06-аас хур бороо элбэг орсон тул ногооны болц, гарц сайн байгааг хэлэв. Ц.Бямбажав ахын хувьд 36 дахь намрынхаа ургац хураалтыг хийж байгаа туршлагатай нэгэн. Тэрбээр Хилийн 0288 дугаар ангитайгаа 2008 оноос холбогджээ. Гэхдээ гантай жилд газраа бордож, сэлгэж чадвал ургац авах боломжтой гэнэ. Бордоо гэдэг нь хүнээр ярьвал үе хоорондын шингэн аж. Тэрхүү амин дэмийг бууц орлодог байна.

Хилийн 0288 дугаар ангийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 03-аас газраа бэлтгэж үрсэлгээгээ хийснээс хойш борви бохис хийхгүй ажиллахаар ханцуй шамлан оржээ. Хилчдээ эрүүл хүнсээр хангах ганцхан зорилгын дор зуны гурван сар ногооны талбайдаа ажиллана. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд газар тариалан эрхлэх боломжгүй өмнөд хилийн ангиудыг хүнсний ногоогоор хангахын тулд шүү дээ. Нийт есөн га газраас 84 тонн ногоо авахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 130 тонн ургац хураагаад байгаа гэнэ. Энэ бол нөр их хөдөлмөрийн үр шим.

Баярлалаа дүү нар минь

Батсүмбэрийн ногооны талбайд Хилийн 0151 дүгээр ангид 2017 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дэд түрүүч Т.Шинэбаяр, ахлах байлдагч М.Намсрай, байлдагч Б.Алтанбагана, Б.Жамъянгарав, Т.Энхбаясгалан, Н.Ням-Эрдэнэ, Г.Саруул-Эрдэнэ нар ажиллажээ. Ногоон дээр гарсан ч цэргүүд маань тун өнгөтэй харагдаж байв. Тэд ихэнх ногоогоо хураагаад дуусчээ. Одоо халагдахаасаа өмнө манжингаа хурааж дуусгахаар ажиллаж байв. Манжин хураахад их учиртай гэнэ. Ногооны талбай дээр ирээд яаж гар хөдлөхгүй буцахав гээд туслахыг хүсэхэд минь “хар хүчээрээ суга татахгүй. Харж байгаад томыг нь зөөлөн сугална. Бүгд үндсээрээ холбогдсон байгаа тул бусдыг нь тасалж болохгүй. Хэд хоног нар гарвал жижиг манжингууд томорно шүү дээ” хэмээн надад зааж өгөв. Харин хажуунаас нэг нь “... Манжингаа бид силкерээр тарьсан. Их амархан юм билээ. Харин байцаа, сонгино хоёрыг бол зөвхөн гараар тарина. Тэр хэрээрээ яг л нялх хүүхэд шиг их арчилгаатай шүү” хэмээн ярихыг нь сонсоод аргагүй л ногоочин болж дээ гэх бодол зурас хийв. Цэргүүд “Бид одоо ногоо тарьж чадна. Энэ бол манай даргын зааж зөвлөж байсны ач тус” хэмээн Ц.Бямбажав ахыг магтана. Ногооны талбайд биднийг ярилцах, бас ажиллах зуурт байлдагч Г.Саруул-Эрдэнэ цуйван сэгсэрч амжжээ. Байлдагч Г.Саруул-Эрдэнэ ногооны талбайд ажиллаж буй нөхдөө халуун хоол цайгаар таслахгүй байх үүргийг хүлээсэн байна. Шинэхэн ногоотой цуйван амттай гэж жигтэйхэн.

Амттай хоол, амттай яриа, их хөдөлмөрийн үр шимээр дайлсан дүү нартаа баярлалаа. Та бүхний сэтгэлээ шингээж тарьсан шинэхэн ногоог эх орны хил дээр зогсоо хилчид маань хэрэглэнэ. Ажлын их эрч хүч болон амин дэмээр баялаг хүнсний ногоогоо хил рүү илгээж буй дүү нартаа дахин баярлалаа.

Газар тариалангийн их багш

Ногоо хэзээ ургадаг вэ? гэх асуултад Ц.Бямбажав ах шөнө хөрс дулаахан байхад гэж хариулав. Хачирхалтай юм шүү. Уул нь бид өдрийн наранд ургадаг л гэж боддог шүү дээ. Яг л хүүхэд шиг. Хүүхэд унтаж байхдаа өсдөг гэж эмч нар тайлбарладаг. Бороо их орвол ногоо сайн ургах уу? гэх асуултад дан ганц борооны ус усалгаа биш хэмээн хариулав. Учрыг лавлавал өдрийн наранд авч тавьсан усанд шороо салхиар хийсэн орсон ус л хамгийн сайн талаар хэлэв. Газар тариалангийн талаар мэдэхгүй зүйл их юм. Агрономич ах ногооны талбай дээр ажилласан жил жилийн цэргүүдээ хөвгүүд шигээ санан өөрийн мэдэх чадах бүхийг өнөөдөр надад хэлж өгсөн шигээ заадаг байна. Ирээдүйн амьдралд нь хэрэг болоосой л гэсэндээ тэр шүү дээ. Ц.Бямбажав ахаас сурсан эрдмээ ашиглан цэргээс халагдаад ногоо тарьж амьдралаа залгуулан яваа цэргүүд бий аж.

Ногоог тарих, ургуулахаас гадна хурааж, хадгалахад ч учир бий гэнэ. Хөрснөөс дөнгөж гаргасан ногооны “амьсгал тасраагүй” байдаг болохоор өөрөөсөө чийг ялгаруулдаг тул амархан ялзарч мууддаг. Тиймээс ногоог хурааж, хадгалах явцдаа байнга салхилуулах ёстой талаар ярив.

Ногоочин болсон нь

Зүүнхараагийн ногооны талбайд Хилийн 0108 дугаар ангиас ирсэн ахлах байлдагч Х.Итгэлбаяр, Н.Мөнххутаг, байлдагч Н.Оюунболд, Д.Анхбаяр, З.Тэнгис, Т.Бавууханд, А.Мөнххуяг, О.Оргил, О.Энхжаргал, Э.Бат-Оргил нар ажиллаж байв. Өдөрхөн нар ээж байсан бол тэнгэр хангай өнгөө хувиргаж орхив. Цас хаялаж эхлэхэд залуус шуурахаас нь өмнө байцаануудаа хурааж бүтээх хэрэгтэй хэмээн ажилдаа шавдацгаалаа. Ногоочин хүн гэдэг тэнгэрийн аашинд захирагддаг болохоор арга ч үгүй биз. Тэд саяхан бид эх орны хил дээр хилийн манаанд явж байсан. Гэтэл өнөөдөр ногоочин болчихсон зогсч байна хэмээн инээлдэнэ. Гэхдээ ногоо тарьснаар их зүйлийг сурч байна. Манай Т.Бавууханд нутагтаа очоод ногоо тарихаар шийдсэн гэв. Бид энэ том талбайд ногоогоо үрслүүлэхээс эхлээд ургаж гүйцтэл нь ажилласан. Ногоо тарихад арчилгаа чухал шүү. Бас энэ хавийн айлуудын хэдэн малаас тарьсан ногоогоо харамлах гэж том ажил байна. Ийм их хөдөлмөр гарган ажилласан болохоор тарьсан ногоогоо хөлдөөж хайруулалгүй хураагаад авчихвал боллоо хэмээн ярина. Учир нь тэд аагим халуун нар, аадар борооноор гадаа талбайд зуссан шүү дээ. Тиймээс хөдөлмөрийнхөө үр шимийг үзэхээр намрын нартай уралдан ажиллаж буй нь энэ юм.

 

ХИЛИЙН 0288 ДУГААР АНГИЙН ХАА-Н ОФИЦЕР, АХМАД А.ДОРЖСҮРЭН:

-Миний хувьд Хилийн 0306 дугаар ангид ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард тус ангидаа шилжин ирсэн. Зүүнхараагийн ногооны талбайн 5.2 га газарт зургаан нэр төрлийн ногоо тариалаад хураан аваад байна. Өнөөдрийн байдлаар 80-100 тонн ногоо хураасан. Одоо байцаа, шар манжин хоёр үлдсэн. Анх удаа ногоо тарьж байгаа болохоор туршлага их дутлаа. Гэхдээ агрономичоосоо байнга асууж, хэлснийх нь дагуу арчилсаны үр дүнд ургац сайн гарсан.

 

ХИЛИЙН 0288 ДУГААР АНГИЙН АГРОНОМИЧ Ц.БЯМБАЖАВ:

-Манай анги хүнсний ногоо тариалах боломж бүхий 25 га газартай. Бид энэ газраа бүрэн хэмжээгээр нь ашиглахад цахилгаан эрчим хүч болон гүний худаг шаардлагатай байна. Одоо бид бүхэн байгалийн усыг л ашигладаг. Хэрвээ байнгын цахилгаантай, усалгааны системтэй болчихвол бүх газраа ашиглаад ногоо тариалах боломж бүрдэх юм. Яг одоо энэ орон нутагт байнгын цахилгаан татахын тулд 2,5 км-т байгаа айлын станцаас тог авч болно. Бид усалгааны системгүй учир өөрсдийн гар аргаар хийсэн усалгааны төхөөрөмжийг ашиглаж байна. Тэр төхөөрөмж маань 15 сот газрыг гурван цагийн хугацаанд усалдаг. Нэг га-д 100 сот газар багтдаг гэхээр 24 цагт дөнгөж нэг га-г услах юм. Бодлоор болдог бол 25 га-даа төмс тарихад улсын дунджаар 240 тонн төмс авах боломжтой. Өнөөдөр бид хүн хүч, техникийнхээ боломжинд тааруулаад л тарьж байна. Гэхдээ өглөөний нарнаас орой шингэх хүртэл  талбайдаа хэдэн бор цэргүүдийнхээ хамтаар ажилладаг. Техник алга, хүн хүч шаардлагатай гээд зүгээр суух эрх байхгүй. Ногоо тарина гэдэг нялх хүүхэд өсгөхтэй л адил хөдөлмөрийг ногоочноос шаарддаг. Газар тариалангийн ажил гэдэг цаг хугацаагаар үл хэмжигдэнэ. Халуун нартай өдөр бол ногоогоо шөнө сэрүү орсон цагаар усална. Тэгэхгүй бол ууршилт их хэмжээгээр явагдаад хий дэмий л хөрс хатуурчихна. Энэ мэтчилэн ногоо тарих арга ухаан их шүү.

Ургацын талбайгаас Улаанбаатар хотыг зорих мөчид сэтгэлд 

...Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугин татрахгүй

Алтан намар он жил улиран дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг... гэх мөртүүд сэтгэлд эгшиглэнэ. Намар чи юутай өрнүүн, юутай хөгжөөнтэй вэ.

 

 

 

2018 оны 10 сарын 10 | Үзсэн : 81