Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
"АНХДАГЧДЫН ЦОМ-2019" ЦАНЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ХИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Булган аймгийн Тэшиг суманд “Анхдагчдын цом-2019” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг Хилийн 0286 дугаар анги, Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулав. Тэмцээнд 14 багийн 122 тамирчин өрсөлдсөн бөгөөд нээлтийн ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Ч.Батзориг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, бэлтгэл хурандаа Д.Батцэнгэл нарын хүндэт зочид төлөөлөгч оролцлоо. 
Энэ удаагийн тэмцээнд Швейцарь улсаас цанын мэргэжлийн тамирчид ирж монгол тамирчидтай хурд хүч сорьж уралдахын зэрэгцээ харилцан туршлага солилцов. Насанд хүрэгчид 19-25, 26-36, 37-өөс дээш, өсвөрийн тамирчид 11-12, 13-14, 15-16, 17-18 нас гэсэн ангиллаар болон багуудын буухиа уралдаанаар үргэлжилсэн юм. Тус тэмцээнээс Хилийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбат мөнгө, дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ахлагч А.Нарангарав хүрэл медаль хүртэж буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг тэргүүлж, хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Харин буухиа тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ. Багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цом, хоёрдугаар байранд Хилийн 0286 дугаар анги, удаах байрыг Хилийн 0303 дугаар тусгай салбар эзлэв. Тэмцээнд оролцсон тамирчид, ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд Хилийн 0286 дугаар ангийн СМССА-ны хамт олон “Булган хангайн хилчдийн аялгуу” нэртэй концерт, үдэшлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж монгол өв соёл болон хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилав.  
Дашрамд дурдахад Швейцарь улсын иргэн ноён Паскаль өөрийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Монголын өсвөрийн цаначдыг бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын зэрэгцээ хойд хилийн ангиудыг хилчин тамирчдыг цанын спортод бэлтгэхэд онцгой туслалцаа үзүүлж буй хүндтэй иргэн юм. 
Ноён Паскаль энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөрийн цаначдыг ирэх жил Швейцарь улсад зохион байгуулах “Lausane-2020” тэмцээнд өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэж оролцуулах ажээ.
2019 оны 01 сарын 15 | Үзсэн : 104