Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БААТРЫН ОХИНЫ ЗОЧЛОЛ

Хаврын нэгэн сайхан өдөр өнгөрсөн жилээс сураг нь гараад байсан эрхэм хүн Хилийн 0129 дүгээр ангид зочиллоо. Энэ бол Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн охин Л.Хишигжаргал байв. Хилийн 0250 дугаар салбар 1973 оны есдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит болсон түүхэн улбаатай. Харин Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор анги ахмад С.Лхагвадорж баатрын нэрэмжит болсон билээ. С.Лхагвадорж баатар 1919 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн бөгөөд энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тиймээс ч эцгийнхээ мэндэлсний түүхэн ойг тохиолдуулан Л.Хишигжаргал эгч хүүхдүүдтэйгээ мөн бэлтгэл хурандаа Ш.Доржбал нарын хамт зорилго тээн хилээр явж байгаа нь энэ аж.

Ангийн удирдлагаас үүрэг авсан бүлэг Л.Хишигжаргал эгчтэй хамт баатрын алба хааж байсан заставыг зорьсон юм. Бүлгийг ахалж Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга, хошууч Б.Эрдэнэцогт явсан нь учиртай бөгөөд тэрбээр тус заставын даргаар ажиллаж байсан. Заставын хамт олон халуун дотноор бүлгийг тослоо. Заставын жагсаалын талбайн хойморт залрах баатрын хөшөө цаанаа л эрхэмсэг. Уг хөшөөг 2012 онд барьж босгосон бөгөөд  2013 онд тохиосон 80 жилийн ойг угтаж хийсэн ангийн хамт олны бүтээлч ажлуудын нэг юм. Бүлгийнхэн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд гэрээт хилчдийн байр бусад газруудаар явж танилцлаа. Үүнээс гадна очихоор хэзээнээс сэтгэл тэмүүлсэн баатрын анхны гавьяа байгуулж, хил зөрчигчийг саатуулж байсан газрыг бид зорив. Уг газар тэр хавьдаа өндөрлөгт тооцогдох ажээ. 1976 онд босгосон 1,2мх0,6м орчим дөрвөлжин самбар дээр 0,3м х0,3м хэмжээтэй галын дүрсийг гагнаж самбарыг бүхэлд нь суулгаж байрлуулсан цементэн суурь байв. Самбарт “БНМАУ-ын баатар С.Лхагвадорж 1942 онд анхны гавьяа байгуулсан газар” гэж тэмдэглэжээ.

Бид ийнхүү зорьсон газартаа ирж хэргээ бүтээгээд ангийн зүг хөдөлсөн юм. Ангийн хамт олонтой ярилцлага өрнүүлэв. Тэрбээр, “Аавынхаа нэрээр овоглосон Хилийн 0129 дүгээр ангид ирээд сэтгэл өндөр байна. Миний эцгийн алдар гавьяаг үргэлж дурсч, сурталчилж, өндөрт өргөж яваа танай хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлье. Аавынхаа мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан алдрыг мөнхжүүлэхийг хүсч байна. Үеийн үед хилчид, Монголын үр сад минь эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн мянга мянган хилчин эрсээрээ бахархаж, үлгэр дууриал аван энэ эрхэм албыг нэр төртэй үргэлжлүүлж хаагаасай. Аавынхаа тухай ном бичиж, нэрэмжит ангиудтай цаашид хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Ангийн бие бүрэлдэхүүний зүгээс Хишигээ эгчид дурсгалын зүйлийг гардууллаа. Мөн ангийн дайчин алдрын танхимд байрлах баатрын хүндэтгэлийн өргөөг үзүүлж сонирхуулав. Дайчин алдрын танхим болон хүндэтгэлийн өргөөг хэрхэн тохижуулсан талаар танилцуулан зочид хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээв. Энэхүү зочлол уулзалтад томоохон үүрэг гүйцэтгэж, баатрын талаарх дурсамж, түүхийн учир зангилааг тайлж байсан гол хүн бол бэлтгэл хурандаа Ш.Доржбал юм. Бэлтгэл хурандаа баатрын тухай ном бичиж буй бөгөөд манай ангийн хамт олон тус үйлд хувь нэмрээ оруулахаар харилцан ярилцав. 

Ийнхүү Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн охин Л.Хишигжаргал, үр хүүхдийн хамт ангид зочлоод мордов.

 

2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 241