Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Шинэ ном, сэтгүүл
Эх орны манаа

 

Анх 1940 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Эх орны төлөө” нэртэйгээр хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хилчдийн дотны нөхөр байсаар ирсэн “Эх орны манаа” сонин өдгөө 72 дахь жилдээ хилчдийн гараас гар дамжин уншигдаж байна.

Сонин байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо төлөө харийн түрэмгийлэгчид, тагнуул, туршуулуудтай хийсэн хилчдийн тэмцэл, баатарлаг гавъяаг алдаршуулан, байлдааны ба улс төрийн бэлтгэл, сонор сэрэмж, сахилгыг дээшлүүлэх талаар дайчдын дунд зохиож байгаа улс төр, хүмүүжлийн ажлын арга барилаас тогтмол мэдээлж, хилчдийн дайчин туслагч, дотны зөвлөгч нь болж ирсэн юм. Сонины анхны эрхлэгч нь хошууч Л.Дарьсүрэн байв. Дараа нь хошууч О.Цэрэндорж хариуцлагатай эрхлэгчээр томилогджээ. Анх хоёр жижиг нүүрээр 10 хоног тутам хэвлэгдэн гарч байсан бол 1944 оноос долоо хоногт нэг удаа дөрвөн нүүрээр гарч, улмаар долоо хоногт хоёр удаа хэвлэгдэх болов. Ингээд 1945 оны наймдугаар сараас “Эх орны манаа” нэрээр хэвлэгдэн гарч, сонины редакцийн бүтэц шинэчлэгдсэн байна.

Дайны дараах жилүүдэд “Эх орны манаа” сонины өмнө шинэ зорилт тавигдаж, офицеруудын бие даан боловсрол эзэмшихэд туслах зорилгоор ерөнхий боловсролын тусгай булан нээж, шинжлэх ухааны олон салбарын гол гол үндэслэлүүдээс тайлбарлан бичиж байсны зэрэгцээ урьдын адил хилчдийн байлдааны ба улс төрийн бэлтгэл, сонор сэрэмжийг ямагт өндөр байлгаж, цэргийн дүрмийг ёсчлон биелүүлэхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байлаа.

Ингээд “Эх орны манаа” сонины 10-н жилийн ойн үеэр “Хилчдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, дархан хилийг бэхжүүлэх өөрийн үүргийг нэр төртэйгээр биелүүлсэн” хэмээн тэмдэглэж, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр зарлигаар тус сониныг “Байлдааны гавъяаны одон”-гоор шагнажээ.  

1952 оноос “Эх орны манаа” сониныг “Улаан Од” сонинтой нэгтгэсэн боловч хилчдийн оюуны хэрэгцээ, шаардлагаар 1971 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дахин “Эх орны манаа” нэрээр хэвлэгдэх болов. 1978 оны гуравдугаар улирлаас эхлэн тус бүр нэг хэвлэлийн хуудсаар долоо хоногт хоёр удаа хэвлэгдэж, жилд 96 дугаар хэвлэгдэн гарч байлаа. Тухайн үед нэг дугаарыг 3000-5000 хувь хүртэл хэвлэж байв. Ийнхүү “Эх орны манаа” сонин 1972 оны аравдугаар сард 1000, 1986 оны хоёрдугаар сард 2000 дахь дугаараа уншигч хилчиддээ өргөн барьжээ.

Сонин анхны дугаараасаа эхлэн тэргүүн нүүрэндээ “Ангиас гаргаж үл болно” гэсэн анхааруулгатайгаар гарч байсан бол 1990 оноос эхлэн чөлөөтэй хэвлэгдэх болов. Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэн эгзэгтэй үед ч “Эх орны манаа” сонин хилчдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр, мэдээлэл авах чухал хэрэгсэл хэвээр байж 16 нүүрээр хэвлэгдэж байлаа.

1997 онд БХЯ-ны сайдын тушаалаар тус сониныг “Тусгаар тогтнол” сонинтой нийлүүлэв. Улмаар төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох тухай хуулийн заалтыг үндэслэн хилчид өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх чөлөөт индэр болсон “Эх орны манаа” сониныг унших хууль эрх зүйн үндэслэлгүй болжээ. Үүнээс 10 жилийн дараа буюу Хилийн цэргийн Ахмадын холбооны тэргүүлэгчдийн 2007 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Эх орны манаа” сониныг сэргээн байгуулах тухай шийдвэрлэж, 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Хилийн цэргийн Ахмадын холбооноос эрхлэн гаргах болсон юм. Ингээд ХХЕГ-ын даргын тушаалаар 2009 оны нэгдүгээр сараас эхлэн тус сониныг ОНХА-наас хариуцан 10 хоногт нэг удаа 16 нүүрээр эрхлэн гаргах болжээ.

 

2012 оны 08 сарын 28 | Үзсэн : 5990