Мэдээ :
Дэргэдэх байгууллагууд » Чуулга
Чуулга

 

Мэндчилгээ

         Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын хөгжил, дэвшилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, авъяас чадвараа зориулж ирсэн үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа нийт уран бүтээлчид, ажилтнууд, тэдний гэр бүлд, болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, иргэд та бүхэнд түүхт 70 жилийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

         Анх 1942 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Дотоод явдлын яамны сайдын шийдвэрээр Хязгаарын ба Дотоодын цэргийн Дуу, танцны ансамбль нэртэйгээр үүсэн байгуулагдсан энэхүү мэргэжлийн урлагийн байгууллага нь  улсын хил хамгаалтад үүрэг гүйцэтгэж байгаа хилчид, тэдний гэр бүл, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд болон хил орчмын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд урлаг, соёлоор үйлчлэх үндсэн үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ мэргэшсэн уран бүтээлчдээр эгнээгээ тэлж, Эрдмийн чуулга болох зорилт тавин ажиллаж байна. Манай  ахмад үеийн уран бүтээлчид улс орны гадаад цагийн байдал тогтворгүй байх хүндхэн жилүүдэд үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хилийн тулгаралтад биечлэн оролцож хилчнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж байсныг энд онцлон дурдахад таатай байна.

          Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын 70 жилийн түүхийг бичилцэн, хилчид, ард иргэддээ урлаг соёлоор үйлчлэх нэр төртэй үйлсэд хөдөлмөр, бүтээлээ зориулсан үе үеийн уран бүтээлчид, ажилтнууд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Чуулгын дарга, хурандаа Б.Ганхуяг



Эрхэм зорилго

             Мэргэжлийн өндөр ур чадвартай, хөрвөх чадвар сайтай, чадварлаг уран бүтээлчид, техник, дэвшилтэт технологт тулгуурлан хил хамгаалах байгууллагын бодлого, зорилт, үйл ажиллагааг соёл, урлагаар дамжуулан бие бүрэлдэхүүн, олон нийтэд сурталчилж, үндэсний болон дэлхийн сонгодог, цэрэг эх орон, хил, хилчдийн сэдэвт бүтээлүүдээр хилчид болон иргэдэд үйлчлэх;


Бидний үйл ажиллагаа

  • ​Хилийн отряд, /анги/-ийн соёлын төв, үлээвэр хөгжимд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж, уран бүтээлчид, ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
  • Уран бүтээлчид, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж, тэдний мэдлэг боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлэн мэргэжлийн ур чадварыг  дээшлүүлэх;
  • Гадаад, дотоод харилцаагаа өргөжүүлэн өөрийн болон бусад улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах.

 

Бидний 2013 оны зорилт

 Байгууллагын болон хувь хүний соёлыг төлөвшүүлж, уран бүтээлийн бодлого, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, албаны аюулгүй байдлыг хангана.

 

Бидний түүхэн замнал

Нэг.  Чуулга тулгын чулуугаа тулж, хөгжсөн он жилүүд

(1940-1953)

              Монгол, Зөвлөлтийн зэвсэг нэгт ахан дүүс Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, дотооддоо хүн ардын сэтгэл амран, хүлэг морьдын зоо түр амсхийсэн ч дэлхийн дайны харанга дэлдэж, Гитлерийн Герман, Польш улсыг эзлэн авсанаар хоёрдугаар дайн эхлэн олон улсын байдал нэн хурцадсан билээ. Гадаад дотоодын нөхцөл байдал ийм үед Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооноос Хязгаарын цэргийн бие бүрэлдэхүүнийг соёл, урлагаар үйлчлэх явдалд онцгойлон анхаарч улмаар 1940 онд Дотоод Явдлын Яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн ансамблыг шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү 1940 оны 09 дүгээр сард Бөхөг, Түргэний голд цэргийн алба хаахаар ирсэн шинэ дайчдаас анх 20 хүнийг шалгаруулан авч Одон тэмдэгт тусгай хорооны дэргэд урлагийн тасгийг байгуулан  тулгын чулуугаа тулсан байна. Ахмад жүжигчдийн дурсамж ярианаас үзэхэд даргаар нь Эрэндоогийн Эрээнхүү анх ажилласан бөгөөд урлагийн тасаг нь гурван гэрт байрлаж байгаад өвөл нь Улаанбаатар хот дахь хятадын хоёрдугаар гудамжинд байсан Хязгаарын цэргийн түр курсийн ягаан байшингийн хоёрдугаар давхарт байрлан хүмүүсээ сургах, байрлаж буй хорооныхоо уран сайханчидтай хамтран концерт тоглох, үдэшлэг зохиох зэрэг ажлыг хийж байв.

             ДЯЯ-ны сайдын 1942 оны 03 дугаар сарын 03-ны 127 дугаар тушаалаар  Дотоод яамны Дуу ба танцны нэгдсэн ансамблийг байгуулсан байна. Тушаалд “Энэхүү ансамблийг шууд удирдахыг ансамблийн даргын туслах бєгєєд уран сайхны удирдагч /Бага улс тєрийн удирдагч/ нєхєр Эрээнхүүд даалгасугай! ... Ансамблийн ажилд дүүрэн туслалцах явдлыг Цагдан сэргийлэх, Засан хүмүүжүүлэх газруудын Улс тєрийн хэлтсийн дарга нар ба Аюулаас хамгаалах газрын намын хорооны дарга нарт тус тус даалгасугай!” гэжээ. Захирлаар Бөөгийн Содном, уран сайхны удирдаачаар Э.Эрээнхүүг томилон ажиллуулжээ.

            “Нэгдсэн ансамблийн орон тоо ба тєсвийг батлах тухай” яамны сайдын тушаал гарч “Тус ДЯЯ-ны нэгдсэн ансамблийн энэ 1942 оны 3 дугаар сарын 1-ээс мєн оныг дуустал ажиллах бүх орон тоо ба мєнгєн зардлын тєсвийг үйлдэж, тєлєвлєн хавсаргаж ирүүлсэнийг баталсугай!” гэсэн байна. Ансамбль нь найрал дуу, хөгжим, бүжиг ангийг байгуулж уран бүтээлийнхээ анхны тоглолтыг мөн оны 5 дугаар сард Майн баяраар Гэсэр сүмд буюу тусгай хорооны клубт хийсэн байна. Чуулга нь орон тоо, зохион байгуулалтын хувьд өргөжин, шинэ тутам энэ айлыг хөл дээрээ босч мэргэжлийн урлагийн байгууллага  болон өсч бэхжихэд төр засаг, яам командлалаас бүхий л талаар анхааран тусалж байв. 

            Чуулга Баянцагаан, Тамсагбулаг, Халхын гол, Энгэршандын отрядоор явж тоглосноор Хязгаарын цэрэгтээ урлагаар үйлчилж эхэлсэн түүхтэй.  Хязгаарын ба Дотоодын Цэргийн Удирдах Газрын дарга Б.Дорж, улс төрийн хэлтсийн дарга Д.Санжаа нараас 1942 оны 06 дугаар сард  МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, нөхөр Ю.Цэдэнбалд бичсэн илтгэлдээ /рапорт/ “1942 оны 09 дүгээр сард  20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ансамблийг байгуулж, ЗХУ-ын туршлагаар уран сайханчид нэмэн 55-д хүргэсэн нь хилчин дайчдыг цэрэг, эх оронч интернационалч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна”. гэжээ.

            ДЯЯ-ны сайдын 1945 оны тушаалд заасаны дагуу “Дотоод яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн ансамблийг 100 хүний орон тоотой болгож” даган мөрдүүлжээ.  Тэр үеийн чуулгын уран бүтээлчид Улаанбаатараас хилийн отряд хүртэл машинаар явж, суман, заставт ердийн хөсгөөр очиж, хилчин дайчиддаа урлагаар үйлчилж байсан байна. Тухайлбал концерт тоглож, үдэшлэг уулзалт зохион, кино үзүүлж, дуу бүжиг заан, биеийн тамирын тэмцээн явуулдаг байсан бөгөөд шаардлагатай үед хилийн харуул манаанд гардаг байжээ.

           Чуулгын жүжигчид зөвхөн урлагийн хүмүүс байсангүй бас дархан хилээ хамгаалах үйл хэрэгт амь биеэ зориулж явсаны нэгэн тод жишээ нь чуулгын уран  сайхны удирдагч Очирын Чүлтэм, найрал дууны багш Раднаагийн Довчин, жүжигчин Дүгэрсүрэнгийн Баянмөнх, сурагч Тавхайн Лхүндэв, Батын Мижид, Гунгаа, Буянгийн Дорж, Сүрэнгийн Ядамжав, Тарвын Батсүх, Жамбалын Сономжамц, Гочоогийн Гэлэгжамц, Аюушийн Батаа, нарын зэрэг хүмүүс Бодончийн Хөхтолгойн отрядод урлагийн тоглолтоор явж байхдаа 1948 оны 06 дугаар сарын 03-ны өдөр отрядын комиссар Жалбуугийн Далхжавын удирдлагын дор Мэргэн ууланд болсон тулгаралтад оролцож дарийн утаа үнэрлэн, хилчний үүргээ нэр төртэй биелүүлжээ. Тухайн үеийн “Орой 18.00 цагийн орчимд тулалдаан зогсож “Бүгдээрээ цугла!” гэсэн дохиог өгсөн тул очвол хилчид ч цугларч хүмүүсээ бүртгэсэний дараа эрэлд гарч алтан амиа алдсан С.Лхагвадорж ахмад, Чогров, бусад хүмүүсийн шарилыг авчирсан байна. Комиссар Ж.Далхжав хэлэхдээ: “Манай хилчдийн ансамбль хилчин бидэнд сайхан урлаг, соёлоор үйлчлээд зогсохгүй манай алдарт хилчидтэй мөр зэрэгцэн эх нутгаа дайснаас хамгаалах үүргийг амжилттай биелүүлсэнд баяр хүргэж урлагийн ажилдаа улам их амжилт олохыг ерөөе!” гэж хэлж байв. Шөнө 90 км  газар явж отрядын төвд ирж амиа алдсан хилчдийн шарилыг эмнэлэгт хүргэж өгч, баригдсан хасаг дээрэмчдийг отрядод авчирч тушаасан.

           Чуулгын ахмад уран бүтээлчид  Мэргэн ууланд зэвсэгт дээрэмчдийг бут цохиход буу барин тулалдсан нь хэзээ ч үл мартагдах түүхэн үйл явдал юм.

           Жилээс жилд тус чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар улам бүр дээшилж, хилчдэд төдийгүй ард түмэнд нэр алдраа дуурсган, хайр талархлыг нь хүлээх болжээ. Хөгжмийн багш Лхавааны Дорж өөрийн авьяасаараа тодрон, түүний туурвисан “Амрагийн дуу”, “Бид ялна”, “Монгол морь”, “Одон хороо”, “Хилчин”, “Үдэлтийн дуу” гээд олон дуу нь ард түмний дунд түгэн дэлгэрч    чуулгын урын санд үнэтэй  хувь нэмрийг оруулсан юм.

          Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд (Прага.1947он) дуучин Д.Пүрэвсүрэн (гавьяат жүжигчин), бүжигчин Д.Долгор (гавьяат жүжигчин) Ж.Лувсангунгаа, дараагийн их наадмуудад бүжигчин Д.Долгор (УГЖ), П.Долгор, хөгжмийн багш Д.Батцэнгэл, дуучин О.Лувсандамдин нар оролцож байжээ. Мөн бүжигчин Банзрагчийн Нямбуу “Элбэг дээл” кинонд малчин Сэнгээгийн дүрийг бүтээсэн бол бүжгийн багш Пунцагийн Лувсандаш “Улаан дарцаг” зэрэг кинонд лам багшийн дүрд тоглож дэлгэцнээ мөнхөрсөн билээ.

         Хилээр овоглосон тус чуулгаас уран бүтээлийн гараагаа эхлэн улс орныхоо урлаг, соёлын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн дотроос БНМАУ-ын төрийн хошой шагналт, зохиолч Дашзэвэгийн Сэнгээ, ардын зураач Адъяагийн Сэнгэцохио, ардын жүжигчин Сангижавын Гэндэн, гавьяат жүжигчин, дуучин  Дашдамбын Пүрэвсүрэн, бүжигчин Дарамбазарын Долгор, соёлын гавьяат зүтгэлтэн Солийн Цоодол болон хөгжмийн нэрт зохиолч Лха.Дорж, бүжиг дэглэгч Пунцагийн Лувсандаш, уртын дуучин “нарийн хоолой” хэмээх Нямлхагва, дуурийн театрын гоцлол дуучин О.Лувсандамдин, ”Төмөр хоолой” хэмээх Д.Баатар, найрал дууны багш Раднаагийн Довчин, хөгжмийн удирдаач, ардын дуу бүжгийн чуулгын дарга Дэжидийн Батцэнгэл, Онц хилчин, ардын боловсролын болон соёлын тэргүүний ажилтан, ахмад дайчин, ахмад багш Гочоогийн Гэлэгжамц, яруу найрагч, зураач Долгорын Пашка нарын зэрэг соёл урлагийн алдартан төрөн гарсан юм.

         Тус чуулга 1953 он хүртэл шинэ уран бүтээлээр урын сангаа байнга баяжуулан эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалтыг сонор соргогоор хамгаалахад хилчин, харуулчин дайчдыг цэрэг, эх оронч хилч үзлээр хүмүүжүүлэх, улс төр, байлдааны бэлтгэлийг сайжруулах, цэргийн сахилгыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж, өөрийн үүргээ амжилттай биелүүлсэн юм.

         Дэлхийн хоёрдугаар дайны гал унтарч, энх тайван цаг ирсэнээр гадаад дотооддоо айх аюулгүй амар төвшин болж, манай улс цэрэг армиа татан буулгасан тавиад оны эхээр  ДЯЯ-ны сайд, дэслэгч генерал Ц.Жанчивын 1953 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 188 тоот тушаалаар тус чуулгыг Монгол Ардын Хувьсгалт цэргийн ансамбльтай  нийлүүлсэн байна.

         “Ансамблийг нэгтгэх тухай” уг тушаалд “ДЯЯ-ны Дотоодын ба Хязгаарын Цэргийн ансамбль нь 1940 онд байгуулагдаж, энэ завсар зохион байгуулалтын талаар өргөжин, түүний урлагийн чадвар, үзэл суртлын хэмжээ эрс дээшилж, дайны хүнд жилүүдэд ба дайны дараах энхтайвны жилүүдэд манай соргог хязгаарчид болон ард түмнийг өөрийн хувьсгалт урлагаар сурталчилж, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж чадсан байна” гээд ДЯЯ-ны Дотоодын ба Хязгаарын цэргийн дуу танцны ансамблийг 1953 оны дөрөвдүгээр сарын нэгнээр тасалбар болгон татан буулгасугай!” гэжээ.

 

Хоёр.  Чуулгыг дахин байгуулсан нь:

(1971-1994)

          Манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хил  хязгаарыг бэхжүүлэх бодит шаардлага жараад оны үеэс урган гарч иржээ. Нам, засгаас Хязгаарын цэргийг сэргээн байгуулах, өргөтгөн бэхжүүлэх  талаар авсан арга хэмжээний нэг нь МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1970 оны 21 дүгээр тогтоолоор урлагийн групп байгуулахыг НАХЯ-нд даалгасаны дагуу НАХЯ-ын сайдын 1971 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 04 тоот тушаалаар урлагийн группийг 13 хүний орон тоотой, сарын цалингийн 6370 төгрөгийн сантайгаар байгуулсан байна. Урлагийн группийн дарга, уран сайхны удирдагчаар хөгжмийн зохиолч Юндэнгийн Хөнхөрийг томилон ажиллуулжээ. Анхны хүмүүс гэвэл Бадрахын Аюуш /шанзчин/, Дондонхүүгийн Бадам-Одсэр /ёочинчин/, Ч.Цэцэгдолгор /шанзчин/, Батын Ганхуяг /баянхуурч/, Алтангэрэлийн Цэрэнпил /бүжигчин/, Гомбын Өлзийсайхан /дуучин/, Цэдэндоржийн Наранцэцэг /дуучин/, Балжирын Отгон /хуучирчин, дуучин/, Го.пи миний Бадарч /бүжигчин, хөгжимчин/, Галсангийн Манал /дуучин, хөгжимчин/, Суурийн Тэлжээ /дуучин,хөгжимчин/, Дондогийн Тогооч /хөгжимчин/, Загдын Лувсаншарав /дуучин, жагсаалын дарга/ нар бөгөөд хилчдээ урлаг соёлоор үйлчлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлжээ.

          Жилээс жилд мэргэжлийн боловсон хүчний хувьд өсч бэхжин, уран бүтээл, үйлчлэх цар хүрээ нь өргөжин найрал дуу, хөгжим, бүжгийн хэсэгтэй болж 1979 он гэхэд бүрэн хэмжээний  шинэ концерт 20 гаруйг найруулан тоглож, 100 гаруй мянган хүнд үйлчилсэн байна.  Урлагийн группийн даргаар хөгжмийн авьяаслаг зохиолч Шагдаржавын Эрдэнэбат 1973 оноос томилогдон, уран сайхны удирдаачаар Ю.Хөнхөр ажиллав. Дуучин Хоролын Пүрэвдорж, Дуламсүрэн бүжигчин Дашмягмарын Зоригтбаатар, Чимэдийн Баасанжав, Цэдэндоржийн Лхадорж, Батмөнхийн Алтанцэцэг Жамбалсүрэнгийн Нарантуяа, Чимгээ, хөгжимчин Чулууны Биндэрьяа, Гомбын Төрбат, Дорлигийн Алгаа нарын олон хүнээр эгнээгээ тэлж уран бүтээлийн ур чадвараа дээшлүүлжээ.

          НАХЯ-ны сайдын 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар “Хилийн ба Дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулга болгон тусгай салбарын эрхтэйгээр” өргөтгөн зохион байгуулсан байна. “Урлагийн групп нь орон тоо нэмэгдэн, уран бүтээлийн цар хүрээ өргөжин, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлийн хэмжээнд хүрч байгаа учраас дуу бүжгийн чуулга болгож байгааг” сайдын тушаалд тэмдэглээд “Хязгаарын ба Дотоодын цэргийн урлагийн группийг  Хилийн ба Дотоодын цэргийн Дуу бүжгийн чуулга болгон өөрчилж, 1979 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн, тусгай салбарын эрхтэйгээр ажиллуулсугай!” гэжээ. Чуулгын бүтэц,орон тоо зохион байгуулалтыг өргөтгөн сайжруулахдаа мэргэжлийн шаардлагаас гадна нэгэн зэрэг хоёр чиглэлд гарч, хилийн отряд, застав, хил орчмын аймаг сум, байгууллага, ард иргэдэд урлагаар үйлчлэх, тэгэхдээ жилийн хугацааны 60 хувиас доошгүй хоногийг хил хязгаарт ажиллахад хүрэлцэх бололцоотой байх зарчмыг үндэслэн хүмүүсээ бүрдүүлж байв. Чуулга нь нийслэлээс хилийн отрядод нисэх онгоц, автомашинаар явж хүрдэг, хилийн анги салбаруудын хооронд автомашинаар /Газ-66, Зил-130, цуваа зургаа/ явж урлагийн тоглолтоо хийдэг байжээ.

         Энэ хугацаанд чуулгын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийн  оршил, мөн 4 дүгээр үзэгдлийн антракт хөгжим, П.М.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй,” төрийн шагналт Л.Мөрдоржийн “Цэнгэлийн эгшиг,” Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн оршил хөгжим, Ш.Сугарын “Хилчинд бичсэн захидал”, Ш.Эрдэнэбатын “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Хязгаараа баталсан хилийн цэрэг”, М.Норсонжавын “Хилчдийн дуулал”, “Халхын голын баатруудад, дуулсан дуу”, С.Дашдаваагийн “Хилчин чамдаа”, “Амгалан энхийн харуул”, Ю.Хөнхөрийн “Хилчний уянга” дуу зэрэг дэлхийн сонгодог болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын зохиол, бүжиг, дуу хөгжмийн олон арван бүтээлээр урын сангаа баяжуулан, урлагийн мэргэжлийн байгууллагын хэмжээнд хүрч чадсан юм.

         Соёл урлагаар үйлчлэх ажлын цар хүрээг өргөтгөх, жүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урын санг баяжуулах зорилгоор шилдэг уран бүтээлчдийн тайлан тоглолтыг 1987 оноос эхлэн жил бүр хийдэг болсон байна. Гоцлол дуучин Г.Өлзийсайхан, Х.Пүрэвдорж, Ц.Наранцэцэг, бүжигчин Ц.Лхадорж нар чуулгаас анх бие даасан тайлан тоглолтоо хийж, уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөн барьжээ. Тэр цагаас хойш ерээд оныг хүртэл дуучин Г.Доржсүрэн, хөгжимчин Б.Отгон, бүжигчин Г.Удвал нарын хамтарсан тайлан тоглолт, гоцлол дуучин Ш.Жавзмаа, И.Уранцэцэг, гоцлол бүжигчин Ц.Эрдэнэчимэг, дуучин Б.Сийлэгмаа, Л.Батсүрэн, Э.Бүрнээбаяр, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир нарын олон хүн уран бүтээлийн тайлан тоглолт, цэнгүүнээ хийсэн байна.

          Наяад оны эхнээс улсын чанартай уран бүтээлийн уралдаанд чуулгынхан тогтмол оролцох болж 1983 онд мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаанд гоцлол дуучин Магсаржавын Энхбаяр 2 дугаар байрт, Д.Оюунбилэг, Г.Доржсүрэн нар 3 дугаар байр эзэлжээ.  1987 онд болсон тэргүүний бүжиг дэглэгч ба бүжигчдийн улсын уралдаанд төгөлдөр хуурч Г.Оюунболдын зохиосон бүжгийн ая  2 дугаар байрт орсон бол 1988 онд нийт бүжигчид “Украйн” бүжгээрээ НАХЯ-ны тусгай шагналыг авч. БНАСАУ-д болсон дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадамд “Хилчин хамтлаг, гавьяат жүжигчин С.Жавзмаагийн удирдсан  бүжиг ангийн хамт олон бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцсон байна. Мөн 1988 онд зохиосон уран уншигчдын улсын уралдаанд дуучин Гэндэнгийн Мөнхжаргал 3 дугаар байр, ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд дуучин Х.Пүрэвдорж мөн 3 дугаар байр, ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр бүтээх улсын уралдаанд /1990/ гоцлол дуучин Гунаажавын Доржсүрэн тэргүүн байрын шагнал хүртсэн бол найрал дууны ангийн хамт олон “Алтан намар” хөгжмийн наадамд хоёр удаа түрүүлэн, диплом авч байлаа. Тухайлбал “Алтан намар-90” хөгжмийн наадамд уран сайхны удирдагч Л.Бямбадоржийн удирдсан Т.Эрдэнэ-Очирын зохиол “Эвийн халуун сэтгэл”, Д.Бадарчийн “Ард түмний мэндийн дуу” найрал дуугаар тэргүүн шагнал авч, дуучин Г.Доржсүрэн “Монгол туургатны гал голомт” дууг чадварлаг дуулж манлайлжээ. “Морин хуур-91” болон япон дууны “Хойд нутгийн хавар” уралдаанд Эрдэнэдалайн Бүрнээбаяр тэргүүн байрын шагнал, цэрэг эх, орны болон “Цагаан лавай” дууны уралдаанд гоцлол дуучин Батдоржийн Сийлэгмаа, “Энхийн дуудлага” хамтлаг түрүүлж, Г.Оюунболдын хөгжмийн бүтээл шагналт байр, цэргийн дуу дуулаачдын уралдаанд мэргэжлийн дуучдаас Г.Доржсүрэн тэргүүн байр /1992/ эзлэн, уртын дуу  дуулаачдын улсын уралдаанд дуучин, хөгжимчин Галсангийн Манал 6 дугаар байранд орсон зэрэг олон амжилт, шинэ бүтээлээр бялхаж, шилдэг бүтээлчид төрөн гарч байв.

          Чуулга нь өөр өөрийн өнгө төрх бүхий “Ардын эгшиг”, “Хилчний уянга”, “Энхийн дуудлага” гэсэн гурван хамтлаг, 90 гаруй жүжигчин бүхий томоохон чуулга болж хилийн отряд застав, 18 аймаг, гурван хотын үзэгчдэд бүрэн болон хэсэгчилсэн тоглолтоо сонирхуулан урлагаар үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. Мөн хошин шогийн болон улс төрийн дууны ”Хилчин” хамтлаг байгуулан тоглож хилчдийн төдийгүй өргөн олон үзэгчдийн талархлыг  хүлээх болов.  Чуулгын уран сайхны зөвлөл жилдээ бүрэн хэмжээний хоёроос доошгүй шинэ уран бүтээл хийдэг болов. Чуулгын гадаад харилцаа ч өргөжиж байлаа. Өвөрбайгалын дуу бүжгийн чуулгын 60 хүнтэй урлагийн хэсэг ирж  Дорнод аймгийн  Сүмбэрийн отрядод тоглосон бөгөөд манай чуулгатай хамтарсан тоглолт хийжээ. Улмаар хөрш орны Буриад, Тувагийн автономит улс, Чита  мужид, айлчлан тоглож, Өвөр байгалийн хилийн тойргийн дуу бүжгийн болон “Дунай” чуулгатай харилцан туршлага солилцож, хамтарсан тоглолт хийж байсан нь жүжигчдийн мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ач тусаа өгч байжээ.

          Хилийн ба Дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгыг цаашид бэхжүүлж өргөтгөх талаар төр засаг, яам командлалаас байнга анхаарч байв. Түүний тод жишээ бол цуурч хагаран, ашиглах, хүн амьдрах аргагүй болсон Пионерийн ордоны барилгыг Хилийн цэрэг  авч тэр үеийн мөнгөөр 1,700  мянган төгрөгөөр засварлан, 80 хүний багтаамжтай хөгжмийн, 120 хүн багтах найрал дууны, 60 хүн нэгэн зэрэг дасгал сургууль хийх бүжгийн танхим байгуулан хөгжмийн байр, тайзны өргөтгөл, гэрлэн чимэглэл, үзэгчдийн суудал, кино дуу чимээний өрөө зэргийг бүрэн шинэчлэн тохилог сайхан байранд орсон билээ. Үүнтэй зэрэгцэн Соёлын яамнаас мэргэжлийн дуучин, хөгжим бүжгийн сургуулиас бүжигчин тус бүр 10 хүнийг, мөн урлагийн үзлэгээс шалгарсан цаашид ажиллах хүсэл сонирхолтой залуусыг дуучин, бүжигчин, хөгжимчнөөр авч нийт 120 гаруй ажиллагсадтай, батальоны эрхтэй 0224 дүгээр анги болж бүхий л талаар өргөжин бэхэжсэн түүхтэй. Мөн урлаг соёлоор үйлчлэхэд зориулан “Зил-130” нэг, “Зил-131” гурав, автобус, “Газ-66”, машин, РАП нижгээдийг олгосон нь жилдээ 2-3 удаа хилдээ явж тоглох бололцоог хангаж өгсөн байна.

        Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Хилийн цэргийн чуулгыг татан буулгаж, Ардын цэргийн дуу бүжгийн чуулгатай нэгтгэсэн байна. Гэсэн хэдий ч хилчид өөрийн гэсэн чуулгатай болох бүхий л боломжийг эрж хайж байсан юм. УАБХЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Хилийн цэргийн даргын 1991 оны 2 дугаар сарын 9-ний б/95 дугаар тушаалаар хилийн 0151 дүгээр ангийн харьяанд Хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Сонор” хамтлагийг байгуулж, уг хамтлаг 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн б/352 тоот тушаалаар 8 дугаар сарын 15-ны өдрөөс хилийн 0133 дугаар ангийн, 1996 оны 7 дугаар сарын 1-нээс 0288 дугаар ангийн, 1997 оны 8 дугаар сарын 1-нээс 0253 дугаар ангийн харьяанд ажиллаж 1995 оноос “Хилчин” хамтлаг гэж нэрлэх болжээ.

         ХЦУГ-ын 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 335 тоот тушаалаар Хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Хилчин” хамтлагийн дутуу байгаа орон тоог гүйцээж, мэргэжлийн  урлагийн хэсэг байгуулж, улмаар 1996 оны орон тоонд шинээр ахлагч 9-ийг нэмж, нэг офицер, 34 ахлагч, энгийн нэг бүгд 36 орон тоотой баталсан байна. “Хилчин” хамтлагийн урлагийн хэсэг хилчдийг урлагаар үйлчлэх хүндтэй үүргээ сайн биелүүлж ирсэн юм. “Хилчин” хамтлагийн эгнээнээс дуучин Сүрэнгийн Цэрэндолгор /1994 оны 12 дугаар сар/, Эрдэнэдалайн Бүрнээбаяр /1998 оны 9 дүгээр сар/ нар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртжээ. ХЦДБЧ-ыг 2001 оны зун дахин сэргээн байгуулж, хилчдийн хүсэл биелсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6  дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоолд “Хилийн цэргийн “Хилчин” хамтлагийг дуу бүжгийн чуулга болгон өргөтгөн зохион байгуулах арга хэмжээг Хилийн цэргийн батлагдсан орон тоонд багтаан авахыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй!” гэсэн байлаа.

 

Гурав.  Чуулга шинэ мянганы босгон дээр

(2001-2012)

           Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг дахин байгуулсан Засгийн газрын 2001 оны 126 дугаар тогтоолыг монголын хилчид төдийгүй хил орчмын ард иргэд, гүнээ баярлан хүлээж авсан юм. Тус оны 5 дугаар сард Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны мэргэжлийн зөвлөлөөс урлагийн хэсгийн уран бүтээлийн тоглолтыг үзээд “Чуулгын төвшинд хүрсэн байна” гэж дүгнэн, улмаар 5 дугаар сард батламж олгосон байв. Засгийн газрын тогтоолын дагуу хилийн чуулгыг орон тоо, бүтцийн хувьд бэхжүүлэх, мэргэжлийн чадварлаг жүжигчдээр бүрдүүлэх зэрэг тулгамдсан зорилтыг даруй шийдвэрлэхэд идэвхийлэн ажиллаж, бүжгийн багш, бүжигчин дөрөв, дуучин зургаа, хөгжимчин гурав, концертмейстер, тонмейстер, жолооч нижгээдийг шинээр авч арав гаруй хүнээр ам бүлээ нэмжээ. Чуулга үндэсний болон үлээвэр хөгжим, найрал дуу, бүжиг ангид 70 гаруй хүнтэй ажиллан, богино хугацаанд шинэ уран бүтээл бэлтгэж 11 дүгээр сард хууль зүйн алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт, 12 дугаар сарын 22-ны өдөр нээлтийн тоглолтоо хийж, шинэ уран бүтээлээ өргөн барив. Ийнхїї шинэ мянганы босгон дээр дуу бїжгийн чуулгыг сэргээн байгуулахад чуулгын даргаар ажиллаж байсан хурандаа И.Тємєрбат ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор ХЦДБЧ-ыг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн нэрэмжит болгон алдаршуулсан байна.

           2008-2012 онд гарсан зарим амжилтаас дурдвал:  Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүтэц бүрэлдэхүүн нь мэргэжлийн түвшинд хүрч Захиргааны зөвлөл, Уран сайхны зөвлөл, Зохион байгуулах анги,  Үндэсний хөгжим анги, Үлээвэр хөгжим анги, Найрал дууны анги, Бүжиг анги, “Хилчин хамтлаг” зэрэг мэргэжлийн ангиуд, 100 гаруй бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, уран бүтээлчдийн 84,7 хувь нь дээд боловсролыг эзэмшжээ.  

          2009 оноос эхэлж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу чуулгын үйл ажиллагааны мэдээллийг Үндэсний статистикийн газрын мэдээллийн санд бүртгэж эхэлсэн. Мөн 2011 онд чуулгын бие бүрэлдэхүүнээс мэргэжлийн аттестатчиллын шалгалт авснаар уран бүтээлчдийн ур чадвар дээшлэх, чадварлаг боловсон хүчнээр хангагдах зэрэг үр дүн гарсан билээ. Чуулгын уран бүтээлчид дэлхийн, олон улсын болон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй мэргэжлийн уралдаан, тэмцээнд тасралтгүй оролцож эхэлсэн юм. Үүнд: Дэлхийн аварга шалгаруулах “Спорт, Латин Америк” бүжгийн тэмцээн, Олон улсын Чайковский, Ленховины нэрэмжит дуулаачдын тэмцээн, Улсын “Учиртай гурван толгой”, Мөрдоржийн нэрэмжит хөгжимчдийн уралдаанд тус тус амжилттай оролцож байна. 

           Тус чуулгын урын санг Цэрэг, Эх орон, Хил-Хилчдийн сэдэвт уран бүтээлүүд бүрдүүлж, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Түүхт хил”, “Эх орон”, “Хилийн цэрэг”, М.Норсонжав, Лха-Дорж, Д.Бадарч, Ш.Эрдэнэбат, И.Төмөрбат, Т.Эрдэнэ-Очир нарын зохиолууд бүрдүүлж, олны хүртээл болсон байна.  Чуулга нь 2010 он БЗДүүргийн “Шилдэгийн шилдэг” хамт олон, Монголын Соёл, урлагийн Академийн “Шилдэг хамт олон" -оор шалгарсан.

           Сүүлийн 5 жилийн хугацаанд тус чуулгын уран бүтээлчдээс Улаанбаатар хүрээний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр, шагналт байруудад шалгарсан байна. Чуулгаас төрийн өндөр цол хэргэмээр дуучин, ахлах ахлагч Б.Ганчимэгийг МУ-ын Гавъяат жүжигчин цолоор шагнасан нь Хилчид, ард иргэд бидний баяр талархалыг хүлээсэн үйл явдал болсон юм. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга нь 3 жилийн хугацаанд Эрдмийн чуулга болох зорилтыг тавин ажиллаж байна.

 

 

2012 оны 06 сарын 27 | Үзсэн : 10558